Хэрэв та яг над шиг Ubuntu зэрэг Linux тархац хэрэглэдэг, ялихгүй зүйлийн төлөө илүү дутуу програм суулгах дургүй, командын мөр буюу терминал дээр ажиллах дур сонирхолтой бол миний бие өөрийн хэрэглээ, хэрэгцээндээ үндэслэн бичсэн, цаашид ч өсөн нэмэгдэх энэхүү эмхэтгэл танд өчүүхэн ч атугай тус болж магадгүй. Мөн эдгээр тушаалыг зөвхөн Linux дээр л ашиглаж байсан. Иймд нэн ялангуяа Windows дээр ашиглах бол эхлээд туршиж шалгаарай.

Зургийн файлуудыг PDF формат уруу хөрвүүлж нэгтгэх

convert "*.{jpeg,jpg,png,gif}" -quality 70 outfile.pdf

Зурагнуудын хэмжээ өөрчлөх

mogrify -resize 1024x768 -quality 50 -path ./resized *.jpg

Дээрх тохиолдолд зургийн урт өргөний харьцаа хадгална. Хэрэв яг өгсөн харьцаатай зураг гаргана гэвэл уг тушаалын зохих хэсгийг 1024x768! гэж өөрчилнө.

Зургийн файлуудыг DateTaken утгаар нь нэрлэх

Зургийн аппарат, гар утсаар дарсан, JPEG форматтай зурагнуудын нэрийг тухайн зураг дарсан огноо болон цагаар сольж өөрчлөхийн тулд дараах тушаал өгнө.

exiftool '-FileName<DateTimeOriginal' -d '%Y-%m-%d %H-%M-%S.%%le' .

Тушаалыг зургийн файлуудыг агуулж буй хавтасны хувьд өгөхийг анхаарна уу. Файлын "шинэ нэр" давхцах тохиолдолд файлын нэрийг хэвээр нь үлдээгээд анхааруулга өгнө.

DateTaken утга нь хоосон байгаа зурагнуудыг олж файлын нэр болон өөрчлөгдсөн огноог нь хэвлэх

exiftool -filemodifydate -r -if '(not $datetimeoriginal or ($datetimeoriginal eq "0000:00:00 00:00:00")) and ($filetype eq "JPEG")' .

Энд -r гэж рекурсив хайлтыг илэрхийлнэ.

Зургийн файлуудын DateTaken утгыг файлын DateModified утгаар солих буюу шинээр оноох

Жишээлбэл Facebook дээр хүмүүсийн шейрлэсэн зурагнуудыг татаж аваад үзэхэд "DateTimeOriginal" утга нь арчигдсан байдаг. Иймэрхүү тохиолдолд дараах байдлаар үүнийг нөхөж өгч болох юм.

exiftool '-datetimeoriginal<filemodifydate' -if '(not $datetimeoriginal or ($datetimeoriginal eq "0000:00:00 00:00:00")) and ($filetype eq "JPEG")' .

Зургийн файлын DateTaken утгыг нэмж хасах болон өөрчлөх эсвэл шинээр оноох

exiftool "-DateTimeOriginal+=0:0:0 0:0:1" filename.jpg

Дээрх тохиолдолд зураг дарсан огноо ба цагийг 1 секундээр хойшлуулж байна. Мөн "DateTimeOriginal" утгаас гадна "ModifyDate" болон "CreateDate" утгуудыг бүгдийг нь өөрчлөх бол дараах хэлбэртэй тушаал өгнө.

exiftool "-AllDates+=Y:M:D h:m:s" filename.jpg

Хэрэв хавтас доторх бүх зургийн хувьд тушаал өгөх бол filename.jpg гэсний оронд . (цэг) бичнэ.

Харин утга өөрчлөх эсвэл шинээр оноох бол += гэснийг = гэнэ.