Ердөө ганц тушаалаар YouTube playlist дэх бүх видео татаж авах улмаар автомашины хөгжим, MP5 болон бусад ямар ч төхөөрөмж дээр тоглуулах боломжтой формат уруу хувиргах маш хялбар бөгөөд найдвартай арга орууллаа.

Миний бодлоор YouTube-ээс дуртай дуунуудынхаа клипийг татаж аваад машиндаа сонсох хамгийн хялбар арга зам бол

  1. Плэйлист үүсгэх
  2. Дуртай дуунуудаа плэйлистдээ нэмэх
  3. Плэйлистээ компьютертээ татаж авах (дор буй тушаал ашиглана)
  4. Татаж авсан видео файлуудаа хувиргах (бас л дор буй тушаалаар)
  5. Хувиргасан файлуудаа флаш дискэнд хуулах

гэсэн таван алхам юм. Өмнө нь Firefox веб хөтөч дээр YouTube-ээс видео татдаг нэмэлт суулгаад, клипүүдээ нэг нэгээр нь татах гэхэд үнэхээр ядаргаатай санагддаг байлаа. Тэгээд занаж байгаад энд бичиж буй хөдөлмөр хөнгөвчилж, цаг хэмнэсэн аргыг зориуд судалж, шалгаж туршсаны эцэст ашиглах тушаалуудыг нь хамгийн минимал байдлаар бэхэлж авсан билээ.

YouTube playlist-ийг бүхлээр нь татаж авах

youtube-dl -f 'bestvideo[height<=480]+bestaudio' https://www.youtube.com/playlist?list=PL3A7C8AC37E3FB2A2

Дээрх тушаалын эцэст буй хаягийг өөрийн татан авахыг хүссэн плэйлистийнхээ хаягаар солиход л хангалттай. Мөн тус плэйлистэд чинь YouTube-ээс устсан видео байж болохгүй. За тэглээ ч уг програм видео татаж эхлэхээс өмнө үүнийг шалгаад видеоны ID дугаарыг нь мэдээлдэг юм даа. Тэр видеог нь плэйлистээсээ зайлуулаад яг тэр дууны өөр видео олж нэмээд л асуудал дуусаа.

Мөн зөвхөн машины хөгжим зэрэг чадал муутай төхөөрөмж гэлтгүй компьютер, зурагт дээр тоглуулах бол [height<=480] гэсэн хязгаарлалтыг аваад хаячихаж болно шүү.

Видео файлуудыг машины хөгжим болон MP5 тоглуулчид тохируулж хувиргах

Энэ тохиолдолд MPEG формат уруу хувиргачихсан нь амар. Машины хөгжим VCD-г ямар ч асуудалгүй тоглуулдаг. Тэгээд ч машины хөгжим жижиг дэлгэцтэй болохоор чанар нь гологдохгүй биз.

mkdir encoded
for f in *.{mp4,mkv,webm}; do ffmpeg -i "$f" -target pal-vcd "encoded/${f%}.mpg"; done

Эхний тушаалаар "encoded" гэсэн нэртэй хавтас үүснэ. Шинэ хуучин файлуудаа хольж бантан болгож завааруулахгүйн тулд л ингэж байгаа юм шүү. Харин дараагийн мөр бол видео файл хувиргах тушаал юм. Энд MP4 болон MKV файлуудыг түүж авч хувиргахыг заасан байна. Хэрэв танд үүнээс өөр файл байгаа бол энд өргөтгөлийг нь нэмж өгнө. Энэ хоёрыг авсан нь youtube-dl програм боломжтой бол MP4 форматаар харин видео ба аудио трэкүүдийг салгаж залгах бол MKV форматаар файл болгон хадгалж байсантай холбоотой.

Эцэст нь дээрх тушаалуудыг татсан видеогоо хадгалах, хувиргах файлуудаа байрлуулсан хавтас уруугаа хандсан үед өгөхийг сануулчихъя. Бас мэдээж командын мөрнөөс.

За ингээд эхнэр ийм тийм дуу татаж аваад машины хөгжимд хийчихээрэй гэхэд нь санаа амар болж байгаа юм. Ердөө л "татуулах плэйлистийнхээ хаягийг нь өгчих өө" гэхчихээд сууж байна гэсэн үг.