Ашиглах програм

  • OBS Studio - дэлгэц бичих
  • OpenShot - бичлэг тайрах, эвлүүлэх
  • Subtitle Composer - subtitle бэлдэх
  • Handbrake - видео файлд subtitle нэгтгэх, дууны чанга сулыг тохируулах

Дэлгэц бичих

  1. Эх үүсвэрээ сонгох
    OBS Studio програмын "Sources" хэсгээс видеоныхоо эх үүсвэрээ сонгоно. Дэлгэцээ бүхэлд нь бичих бол "Screen Capture" харин ямар нэг програмын цонхыг тусгайлан салгаж бичих бол "Window Capture" гэсэн эх үүсвэр сонгоно. "Window Capture" горимд чухам аль цонх бичихийг хулганы баруун товчоор нээгдэх цэсний "Properties" гэсэн зүйлд харгалзах туслах цонхноос сонгоно.
  2. Аудио бичлэгийн шуугиан дарах
    Дуу хоолой бичлэгийн хувьд микрофоноо амьсгал цохихооргүй байрлуулбал зохимжтой. Амны ойролцоо, хацар тушаа бэхлэх боломжтой (жишээлбэл толгой дээр суудаг том чихэвчтэй) микрофон хямд бөгөөд ашиглахад харьцангуй амар байдаг. Харин ширээн дээр байрлуулдаг суурин микрофон тохиромжгүй байх шиг ажиглагддаг.
    Хөндлөнгийн чимээ, шуугиан бага үүсэх нөхцөл бүрдүүлсэн ч аудио бичлэгт үл ялиг боловч илт анзаарагдах шуугиан бичигдсэн байдаг. Үүнийг OBS Studio програм дээрх тохиргооны тусламжтай багасгах боломж бий. Үүний тулд "Mixer" хэсэгт байх "Mic/Aux" аудио эх үүсвэрийн тохиргооны (арааны зурагтай жижиг товчлуур) "Filters" зүйлд харгалзах туслах цонхонд "Noise Suppression" филтер нэмнэ. "Suppression Level" параметрыг "-40" гэх мэтчилэн тохируулна. Үүнийг бичлэг хийснээ сонсож байж тохируулбал зүйтэй.
  3. Бичлэг хийх
    "Controls" хэсэгт байх "Start Recording" товчлуур дарна. Бичлэг эхлэхэд уг товчлуур "Stop Recording" болж өөрчлөгдөнө. Бичлэгийг хэрэглэгчийн "Videos" хавтас дотор хадгалдаг бөгөөд үүнийг болон бусад олон зүйлсийг програмын тохиргоо уруу орж өөрийн хүссэнээр өөрчлөх боломжтой.

Тайрах, эвлүүлэх

Бичлэг янзалж, эвлүүлэг хийх буюу монтажлахад OpenShot зэрэг дурын програм ашиглаж болно. OpenShot бол энгийн, ойлгомжтой, хэрэглэхэд хялбар програм юм. Хэрэв та video resolution, video codec, bitrate, audio channels, audio codec зэрэг зүйлсийн талаар анхан шатны ойлголттой бол энэ шатанд хүндрэл гарахгүй.

Subtitle бэлдэх

Үүнд тохиромжтой, хэрэглэхэд хялбар програмын нэг бол Subtitle Composer юм. Уг програм subtitle-тай хамт видео болон аудио бичлэгийг тоглуулдаг тул subtitle-ын мөр нэг бүрийг хэзээ эхлүүлэх бас дуусгахыг заахад маш хялбар байдаг. Үйлдлийн системдээ нэмэлт видёо болон аудио кодек суулгасан бол уг програм ямар ч файлыг шууд тоглуулж чадна. Уг програмаар бэлдсэн subtitle-ыг "srt" зэрэг форматтай тусдаа файл байдлаар хадгална.

Видео файлд subtitle нэгтгэх, дууны чанга сулыг тохируулах

Тусдаа файл байдлаар бэлдсэн subtitle-ыг Handbrake програм ашиглаж видео трэкийн салшгүй хэсэг байдлаар видеонд нэгтгэж болдог. Энэ талаарх зааврыг блогийнхоо нэг бичвэрт оруулсан. Ингэснээр subtitle-ыг видео файлаас устгаж, зайлуулах боломжгүй болдог.

Мөн Handbrake програмын тусламжтай дууны чанга сулыг тохируулахад маш хялбар байдаг. Үүнд "Audio" улмаар "Track List" таб дээрх жагсаалтаас аудио трэктээ харгалзах edit товчлуур (харандааны зурагтай) дарахад нээгдэх туслах цонх доторх "Gain" хэсгийг ашиглана.

Handbrake програмын хувьд "Dimensions" хэсэг дэх crop-той холбоотой зүйлсийг сайтар анхаарах шаардлагатай. Эс тэгвээс таны видео хальсны дөрвөн талаас хэрчээд хаяж мэдэх юм.

Видеоныхоо формат болон чанарыг "Video" хэсэгт зааж тохируулна. Энд бас л video codec, framerate, bitrate зэрэг ойр зуурын ойлголттой байх шаардлагатай.

Эцэст нь "Start Encoding" товчлуур дарахад видеог хувиргаж, файл болгон хадгална.