Уг нь би унадаг дугуй зэрэг хоббигоо эс тооцвол ямар нэг аялал болон үзэж харсан зүйлсийнхээ талаар ийнхүү тэмдэглэл бичдэггүй ажээ. Иймээс "аялал" гэх мэтчилэн шошго үүсгэсэн нь ч үгүй. Харин энэ удаад аяллын үеэр дарсан зарим фото зургийг харьцангуй нээлттэй байдлаар шейрлэж түгээх болсон тул тэдгээр фото зургуудын дээжийг товч тайлбар тэмдэглэлтэй хамт блогтоо оруулахаар шийдлээ.

УБ-аас Өлгий хүртэл

Өлгий хүрэх боломжит гурван хувилбараас найдвартай бөгөөд цагаа яс барьдаг нь автобус ажээ. УБ-аас 10:00 цагт хөдлөөд Өлгий хотод ойролцоогоор 14:00 цагт очно. Замд хоёр удаа гуанз бараадан зогсож бөөнөөрөө хоол иддэг юм байна. Өлгийн наахна байх замын гуанзад зөвхөн бууз байх бөгөөд хэчнээн бууз авахыг автобусны жолооч урьдчилж асуугаад захиалж өгч байсан. Замын хувьд Баянхонгор ба Говь-Алтай хоорондын 100 орчим километр шороон зам болон эвдэрхий нэг гүүрийг эс тооцвол гайгүй байлаа. Замын тэр хэсгээр шөнөдөө явах тул бөөн дэржигнүүрээс бусдаар яг яаж яваад байгаа нь огт мэдэгдээгүй. Өлгий хотын авто-вокзал дээр хүрч очиход Казахчууд БӨ 86-33 гэсэн дугаартай машинаар угтаж авна.

Өлгий хотын төв хэсэг дараах байдалтай харагдана. Зургийг Өлгий хотын Найрамдал толгой дээрээс дарав.

УБ - Өлгий чиглэлийн автобусанд суухаас эхлээд л үл мэдэх харь хэлээр ярих нь гадаад улсад зорчин яваа гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ Баян-Өлгий аймаг уулаасаа Монголын газар нутаг болохоор уул, ус болон захир захиргааны нэгж нь монгол нэртэй юм билээ. Мөн монгол хүн монголынхоо газар шороо дээр яваа гэхээр дээрх сэтгэгдэл аяндаа арилна.

Өлгийгөөс Малчин оргил хүртэл

Манай гэр бүл Grand Altai Travel компанийн зохион байгуулсан аялалд хамрагдсан. Шөнөжин усаар шавшиж замын шороо дарсан ч тэнгэр бүрхсэн хэвээр байсан үүлтэй өглөө замд гарав.

Өлгий хотоос гараад хамгийн эхэнд Сагсай сум оров.

Сагсай сумын нутагт явахдаа Казах айл, анч бүргэд болон хүн чулуу зэрэг зүйлс үзэв. Ерөнхийдөө замд таарах, үзүүштэй зүйл өчнөөн байх ажээ. Тухайлбал огцом өндөр уулс, уулсын хооронд байх усархаг хөндий, түргэн урсгалт гол, чулуун хашаа хороо, шавар байшин, хүн чулуу, буган чулуу, овоо, эртний булш хиргисүүр, тосгон суурин гэж андуурмаар оршуулгын газар зэргийг дурдаж болох юм. Тэдгээрийн зарим зургийг тэмдэглэлийн зохих хэсэгт орууллаа. Жишээлбэл дараах зургийг фургон машины явуут дунд дарсан. Фургон машины явдал хатуу тул shutter speed ихэсгэх улмаар түүнээс болж дутагдсан гэрлийг f-stop багасгах байдлаар нөхөж байсан тул нэг чухал зургийн depth of field хангалтгүй болсон байсан.

Харин дараах зургийг машинаас бууж, усны мандалд нэлээн ойртож байж дарсан. Уулс нь модгүй, өвс ургамал багатай тул ус нь ингээд уулс хоорондын хөндийд туначихдаг юм билээ.

Ингээд нэг казах айлаар орж давсалсан тос тэргүүтнээр дайлуулж улмаар бүргэдтэй зураг авахуулцгаав. Өрхийн тэргүүн болох өвгөний зургийг дор оруулав.

Ердийн нэг казах айлын төлөөлөл болгон дараах зургийг нэлээн холоос дурангаа байдгаар нь сунган байж дарав. Энэ нь машин, мотоцикл, нарны хавтан, антенн байхгүй зураг дарах гэсэн хэрэг л дээ. Бас аяллын зураг болох тул урьдаас бэлтгэлтэй буюу тавилттай зураг дарахгүй гэсэн зорилго тавьсан. Казах гэрийн хэлбэр, тооно, хана зэрэг нь монгол гэрээс өвөрмөц юм билээ.

Ингэж холоос, мэдэгдэлгүйгээр дарахгүй л юм бол эрэгтэйчүүд нь чи яах гэж байна гэсэн юм шиг эгцэлж ширтэх бол эмэгтэйчүүд нь харцаа буруулаад доош харчихна. Тэдний юм бүхэн бидэнд сонирхолтой байсан бол бидний бүргэдтэй хамт зураг даруулж байх нь тэдний хувьд сонирхолтой байсан бололтой.

 

Бүргэд нь зун цагт анд гардаггүй, харин ингээд л сууж байдаг юм байна.

Ойртуулбал иймэрхүү байдалтай харагдана.

Ингээд дараах зураг дээрх казах бүргэдчиний хувцсыг өмсөж, бүргэдийг нь гар дээрээ суулгаж байгаад зураг авахуулсан.

Казах үндэсний хувцас өмсөж, гар дээрээ бүргэд суулгаж зураг авахуулаад аян замаа цааш үргэлжлүүлэв.

Хэсэг яваад хүн чулуу үзэж сонирхов.

Ахиж хэсэг яваад Цэнгэл сумын төв оров.

Цааш явах замдаа буган чулуутай таарч бас л зургийг нь дарав.

Дээр дурдсанчлан казах оршуулгын газар бараг л тосгон, суурин гэмээр харагдана. Тэдгээрийн нэгний зургийг буулгаснаа дор оруулав.

Таван богд орох замд гүүр маш чухал юм билээ.

Гүүргүй бол ус гатлахаас өөр аргагүй. Хэрэв гармаа сайн мэдэхгүй бол гүнзгий цүнхэл уруу орох аюултай байх шүү. Яагаад гэвэл сүүн Цагаан голын ёроол харагдана гэж үгүй.